Extension by best poker site the nr. 1 poker site.

Төрөөгийн Баасанхүү: Барилдаж эхэлснээс хойш би хэнд ч бууж өгөөгүй

Хэвлэх

Зууны мэдээ. 2013. 10-р сарын 15,  Нийтлэгч: Д.Цэрэннадмид

Төрөөгийн Баасанхүү гэх нэрийг олон түмэн андахгүй болсон байх. Аргагүй л элдэвтэй сайхан барилддаг залуу. Түүнийг барилдааны талбарт гараад ирэхэд одоо л нэг бужигнасан сайхан барилдаан харах нээ гэж үзэгчид шимтэх юм билээ. Улсын шинэхэн начин Т.Баасанхүүтэй саяхан уулзаж ярилцлаа.

-Өөрийг чинь Увс аймгийн Тэс сумынх гэдгийг бөхийн хүрээнийхэн сайн мэднэ. Танай сум улсын цолтой бөх олонтойгоороо лав л аймагтаа тэргүүлдэг дээ?

-Тийм ээ. Манай суманд улсын цолтой бөх 12 бий. Миний хувьд энэ жилийн наадмаар Монгол Улсын начин болж тэр тоог нэгээр нэмээд байна. Ер нь ийм олон цолтонтой сум улсын хэмжээнд ч байхгүй байх шүү.

-Бас чамайг тун багаасаа барилдсан хүн гэж дуулсан юм байна…?

-Би ерөөсөө хөдөө өссөн. Бөхийн гараа гэж ярьвал сонин л доо. Нэг удаа овооны наадам болоход очоод барилдсан чинь түрүүлчихсэн. Түүнээс хойш аймгийн арслан Баттогтохын удирдлага дор бэлтгэл гэдэг юмны амтыг мэдэрч эхэлсэн дээ. 2004 оноос жүдогийн секцэнд явдаг байлаа.

-Анх овооны наадамд түрүүлэхээсээ өмнө бөх болъё гэсэн бодол байсангүй юу?

-Байлгүй дээ. Бөх их сонирхдог хүүхэд байлаа. Барилдаан их үзнэ. А.Сүхбат аваргын барилдааныг их биширдэг. Гэтэл аварга маань намайг барилдаж эхлээгүй байхад зодог тайлсанд их харамссан.  Бас их уйлсан. Одоо бодоход түүн шиг бөх болохсон гэсэн бодол надад их байж л дээ.

-Танай удамд бөхийн удам байдаг уу?

-Эхийн талд удамтай. Аймгийн арслан цолтой Арслан, аймгийн заан Зана гэж ээжийн талд ах дүү хоёр бөх байсан юм билээ. Миний ах Т.Мягмаржав гэж аймгийн арслан бий. Бас ах Т.Даваажав сумын заан. Харин улсын цолд хүрээд байгаа нь би юм даа.

-Анхны цол авсан барилдаанаа дурсвал…?

-2008 онд манай аймагт аваргуудын нэрэмжит чуулга барилдаан болоход би тойргийн барилдаанд 31 бөх барилдахад 28 давж хоёрдугаар байр эзэлж аймгийн начин болсон. Урьд нь сумын цол ч үгүй байсан юм.

-За тэгээд цолоо хэдийд хэрхэн ахиулсан бэ?

-2009 онд аймгийнхаа баяр наадамд ах Мягмаржавтайгаа үлдэж үзүүрлээд аймгийн заан болсон бол 2011 онд Сүхбаатар аймгийн наадамд мөн үзүүрлэж цолоо баталсан. Тэгээд 2012 онд Өмнөговь аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан болсон. Энэ жил улсын баяр наадамд тав давж Монгол Улсын начин цол хүртлээ.

-Улсын наадамд хэдэн жил барилдаж байна даа?

-Гурван жил зодоглож. Өмнөх хоёр жилд нь гурав давж дөрвийн даваанд унасан.

-Энэ жил хүчтэй аралтай гарьд Н.Ганбаатарыг дөрвийн даваанд өвдөг шороодуулсанд олон хүн баярлах шиг болсон доо?

-Тийм ээ. Би ч их баярласан шиг байгаа юм. Гарьдыг давснаа сүүлд бичлэгээс хараад л их дээр үсэрснээ мэдсэн. Баярлах ч учир байсан л даа. Ноднингийн наадмаар түүнтэй мөн дөрвийн даваанд таарч бярдуулж унасан байсан. Гэтэл дахиад дөрвийн нугалаан дээр таарсан. Тэгээд өөртөө итгэлтэй, шийдмэг сайхан барилдаж давсандаа баярлахаас аргагүй байлаа. Өмнө түүнтэй таарахдаа цол бодож байгаад алдсан тал бий. Энэ жил юу ч бодоогүй өөрийнхөөрөө зоригтой, шийдмэг барилдчихъя гэж бодоод хутгачихсан даа.

-Н.Ганбаатар гарьдтай хоёр жил дараалан дөрвийн даваанд таарна гэж бодож байв уу?

-Ахмад бөхчүүдээс асуухад магадлал байсан шүү. Гарьдтай таарах магадлал 70-80 хувьтай байсан гэж болно. Зарим нь нэг, хоёр бөхөөр л зөрж магадгүй гэж хэлж байлаа. Гэтэл зөрдөггүй дахиад таардаг юм. Тэгэхээр барьц мэхэнд л орохгүй юм шүү. Өөрөө өрсөж хийнэ дээ гэж бодож гарсан.

-Тавын давааны барилдаан ямар болов?

-Нутгийн ах улсын арслан Б.Ганбат намайг амласан. Сайхан барилдаж давсандаа.

-Зургаад цолоо ахиулах боломж байв уу?

-Хэдийгээр хэнтэй ч таарсан яаж ч барилдсан чадах юм шиг сэтгэл дүүрээд урамтай л гарсан. Гэвч С.Мөнхбат аваргын зангаргыг давах боломж олдоогүй унасан даа.

-Өнгөрсөн хавар сар шинийн барилдаанд чи тун сайхан барилдсан. Түүнээс хойш улсын цолд ойрхон бөх гэгдэх болсон санагдана?

-Яахав. Сайхан л барилдсан. Шөвгийн наймд үлдээд энэ жил улсын харцага болсон Н.Батсуурь (аймгийн арслан)-тай тунаж барилдаад давсан. Дөрөвт үлдээд аймгийн арслан (энэ жил улсын начин болсон) Цэрэнтогтохтой мөн л тунаж унасан.

-Монгол туургатны барилдааны хөнгөн жинд өөрийг чинь түрүүлэх байх гэж харж байсан. Гэтэл чадаагүй…?

-Тэр том барилдаанд анх удаа зодоглосон. Уг нь сайн барилдах бодолтой л байсан. Тэгэвч шөвгийн дөрөвт үлдээд Булган аймгийн арслан Д.Амарсайханд уначихсан.

-Өөрөө намхан, жин багатай бөхийн нэг. Гэтэл том бөхчүүдтэй тун сайн барилдаад байх шиг харагддаг. Үүний нууцыг асуувал юу гэж хариулах бол…?

-Том хүнтэй таарч барилдахад нэг л эвтэйхэн юм шиг санагддаг юм. Гэхдээ над шиг жижиг хүн том хүнтэй золгож юм уу барилдаад нэмэргүй гэдгийг ойлгодог. Тиймээс би хүний барьцанд оролгүйгээр бужигнуулж барилдах сонирхолтой. Ер нь бөхчүүд өөрөөсөө намхан, бага хүнтэй барилдах эвгүй гэж ярьдаг юм билээ.

-Тал таардаггүй ч гэдэг юм уу. Эвгүй өрсөлдөгч өөрт чинь олон байдаг уу?

-Тэрэнтэй барилдаан таардаггүй гэж онцлох бөх байхгүй. Ер нь өрсөлдөгч бүхэн л эвгүй шүү дээ. Хэнтэй ч хийдгээ хийгээд сайхан үзчихье л гэж гардаг. Хэнийг чи энэ ч тааруу бөх гэж басаж болохгүй. Ийм л бодолтой барилддаг.

-Дархан гэж ч болох гол мэх чинь юу вэ?

-Мордох, хонгодох, зөрж хутгахыг арай дөнгүүр хийдэг. Гэхдээ барьц ороод ирвэл хийж болохгүй мэх гэж байх биш. Барилдааны явцад ямар ч мэхийн үүд хаалга нээгдэж болно шүү  дээ..

-Т.Баасанхүү Батлан хамгаалахын их сургуулийн бөх гэж явдаг. Гэхдээ наадмын бэлтгэлд “Увс нуур” дэвжээндээ гардаг юм билээ?

-Тийм л дээ. Нутгийн дэвжээ, бөхчүүд маань намайг дэмждэгт нь баярлаж байдаг. Манай “Увс нуур” дэвжээ улсын наадмын түрүү, үзүүр бөх олонтой. Ер нь улсын цолтон бүхэн бий. Энэ бол бахархал гэж болно. Миний хувийн амжилтад энэ нь сайнаар нөлөөлдөг гэж боддог доо.

-Монгол үндэсний бөхийн дүрмийн заалтуудад хэр таашаалтай ханддаг вэ?

-Манай үндэсний бөхөд чөлөөт, жүдо шиг цаг хугацаатай уялдсан сүрхий шахуу дүрмийн заалт байхгүй. Энэ нь ийм тийм гээд хэлээд байх юм ч ховор. Харин нэмж чиммээр юм ганц нэг байдаг санаа бий. Тухайлбал бөхийн хүрээнийхний дунд ялангуяа аймаг, орон нутагт болж буй наадамд гадны бөх барилдуулахгүй гэдэг болсон. Энэ буруу. Бөхчүүд хаа ч очоод барилдах эрхтэй. Үүнийг дүрэмд тусгаж өгмөөр байгаа.

-Энэ чинь аяндаа гарч ирсэн асуудал биш байх. Сүүлийн үед улсын цолтой бөхчүүд аймгийн наадамд очоод шударга сайхан барилдахын оронд найраа хийж наадмыг будилуулдаг болсон. Үүнд хөдөөгийнхөн их дургүйцдэг учир гадны бөх барилдуулахгүй гэсэн санаа гарсан биз. Би ийм бодолтой байна. Тэгэхээр өөрөө найраатай тулж байв уу. Ер нь бууж өгсөн удаа өөрт чинь байсан уу?

-Би барилдаж эхэлснээсээ хойш нэг ч удаа бууж өгч, найрч байгаагүй ээ. Янз бүрийн шахалт шаардлагад ч өртөж байсангүй. Найраа байдаг нь амьдралд үнэн гэдгийг хүн бүхэн мэддэг, ярьдаг. Ил цагаандаа гарсан найраа байж болохгүй ээ. Тиймээс шударга сайхан барилдаж Монгол үндэсний бөхөө, дэвжээгээ хүндэтгэж явахыг л бөхчүүддээ уриалъя.

-Бөхчүүдээсээ хэнтэй нь дотно найз вэ?

-Хамгийн ойр дотны найзууд гэвэл улсын арслан П.Бүрэнтөгс, аймгийн харцага Тогтохжаргал, аймгийн заан А.Хайдав, Б.Бадамсүрэн гээд олон хүнийг нэрлэж болно. Ер нь нутгийнхаа бөхчүүдтэй бүгдтэй нь найз.

-Үндэсний бөхөөс өөр төрлөөр одоо хчиээллэж байна уу?

-Бага байхдаа самбо жүдогоор хичээллэж байсан л даа. Самбогийн улсын аваргын мөнгө, оюутны универсиад наадмын хүрэл медаль авч байсан удаатай. Харин гартаа бага зэргийн гэмтэл авснаас болоод сүүлийн 2-3 жил үндэсний бөхөөс өөр төрлөөр хичээллэсэнгүй.

-Одоо ажиллаж байна уу, сурч байна уу?

-Батлан хамгаалахын их сургуулийн сонсогч л доо.

-Хөдөө өссөн гэсэн. Адуу малд хэр вэ?

-Мал мэднэ л гэж хэлнэ шүү. Адууг бол бүр сайн мэднэ. Морь бугуйлдахад тун гайгүй болж байсан. Хотод 5-6 жил суучихлаа. Малаас хөндийрч байх шиг байна.

-Гэр бүлтэй болсон уу?

-Эхнэр, охин хоёрын хамт амьдардаг.

Friday the 2nd. Joomla templates 2.5. Custom text here