Extension by best poker site the nr. 1 poker site.

Улсын начин Д.Баатаржав: Наадмын дэвжээг чимж явсан Увсын "Долоон хар"

Хэвлэх

                                                                   Эх сурвалж: Таван цагариг Ж.БАТМӨНХ, Г.БАЯРСАЙХАН (2006.05.17)

1960-70-аад оны үед Увсын “Долоон хар” хэмээх үг Монгол даяар алдаршиж байлаа. Тэр үед наадмын дэвжээнээ тодрон гарч ирсэн ойрадын “бараан царайт” залуу хүчтэнүүдийг ард олон ийн нэрлэсэн хэрэг. Тэдний нэг, Монгол Улсын хамгийн олон цолтой бөх төрж гарсан Тэс сумын уугуул гавьяат дасгалжуулагч, улсын начин Дамирангийн Баатаржавтай уулзаж ярилцлаа. Тэрбээр “Хоршоолол” нийгэмлэгт ажиллаж байгаад жилийн өмнө “Их засаг” их сургуульд иржээ. Биднийг зорьсон хэргээ учирлахад уриалгахан хүлээн авч, “Сайхан гарч ирж байгаа хэдэн хүүхдээ “хойд эцэг”-ийн гар харуулахгүй гэсэндээ тэдэнтэйгээ зааланд бужигнаад л явж байна даа” хэмээснээр бидний ярилцлага эхэлсэн юм.

 

-Таны төрсөн нутаг Увс аймгийн Тэс сум бөх, мориороо алдартай. Та ч бусдын адил хурдан морь унаж, дээлийн сугаа ханзалж өссөн байх?

-Тэс сум өвөл их хүйтэн мөртлөө зундаа маш халуун байдаг. Энэ эрс тэс байдал бөх, морьд нь нөлөөлдөг болов уу. Би хүүхэд байхдаа зуны халуунд Нарийны голд сэлж сэрүүцээд, элсэн дээр үеийнхэнтэйгээ ноцолдон  өдрийг өнгөрөөдөгсөн. 13 настайдаа сумандаа Майн баяраар болсон хүүхдийн барилдаанд түрүүлж байлаа. ҮIII ангиа төгсөөд аймгийн төвд суралцаж, бөхөөр хичээллэх болсон. 1965 онд үндэсний бөхийн УАШТ-д аймгаасаа шалгаран оролцож, 17 даван уран барилдааны шагнал хүртэж байлаа. Тэгээд Ч.Дамдиншарав багшийн шавь болсон.

 

-Та тэгвэл чөлөөт бөхөөр хичээллэж эхэлжээ?

-Тийм ээ. Тэгээд амжилт нэг их гаргаагүй, удалгүй самбо, жүдод орсон. 1965, 66 оны чөлөөт бөхийн УАШТ-д 78 кг-д оролцож, хоёуланд нь IҮ байр эзэлж байлаа. 1966 оны УАШТ-д Т.Артаг бид хоёрыг барилдахад О.Цэрэндагва багш нутгийн бөхчүүд хуйвалдаж байна гээд дөрвөн оноогоор торгож, би медалиас мултарсан удаатай. Улаанбаатар хотын АШТ-д нэг мөнгөн медаль авсан минь хамгийн том амжилт. 1968 онд самбо бөхийн шигшээ багийг анх байгуулахад тийш орсон. Мөн жүдо бөхийн шигшээгийн анхны гишүүдийн нэг болж байсан.

 

-Та жүдо бөхөөр олимпийн наадамд зодоглож явсан. Бусад томоохон амжилтаа дурдвал?

-Бид 1972 оны хавар олимпийн бэлтгэл болгож, Герман, Болгар, Казахстанд ОУТ-д оролцоход би хэдэн медаль зулгаачихсан, манайхны медаль горьдох хүний нэгд тооцогдож байлаа. Олимпод эхлээд Израилийн бөхийг ялаад, дараагийн тойрогт Арабын нэг орны бөхөд хожигдчихсон юм. Тэр бөх дараа нь өрсөлдөгчдөө дийлдсэн учир би тэмцээнээс хасагдсан.

Тэр жил Латвийн Ригад Европын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болж, Б.Буядаа бид хоёр мөнгөн медаль авсан. Олимпод оролцсон бөхчүүд очсон болохоор ДАШТ-ий дайтай болж билээ. Би олимп, дэлхийн аварга Невзоров гэж бөхөд ялагдсан. Хэрэв түүнийг хожоод, алтан медаль авбал гавьяат тамирчин цол өгнө гэж амлаж байсан. ОУТ-ээс нэлээн хэдэн мөнгөн медаль хүртсэн.

 

-Тухайн үед таны жинд гол өрсөлдөгчид хэн хэн байв?

-Б.Очирбал, Б.Онх, Ш.Чанрав, Г.Пүрэв-Очир гээд олон ширүүн өрсөлдөгч байлаа. Тэр үед шигшээ багийг удирдаж байсан Ч.Машбат багш их мундаг хүн шүү дээ. Тэдний дундаас УАШТ-д түрүүлж байж, ОУТ-д оролцох эрхтэй болно гэдэг бэрх даваа байлаа. 1974 онд Монголд болсон самбо бөхийн ДАШТ-д Х.Баянмөнх, Г.Батсүх хоёр аварга болж, би мөнгөн медаль зүүсэн.

 

-Таны авсан медалийн ихэнх нь мөнгө юм аа?

-Харин тийм ээ. Ер нь ямар нэг юманд хүрч алдаад байдаг гэмтэй. Улсын наадамд ч олон удаа тавын даваанд унасан даа.

 

-Жин багатай байсан нь үндэсний бөхийн амжилтад тань нөлөөлсөн биз? Дээд жиндээ барилдаж болоогүй юм уу?

-Дээрээс өгсөн нам засгийн шийдвэрийг биелүүлэхээс аргагүй юм даа. 1973 оны ДАШТ-д 11 кг хасан, 68 кг-ийн жинд орж байж билээ. Ингэж олон жил жингээ барьсан нь үндэсний бөхийн амжилтад аргагүй нөлөөлсөн. 1968 онд П.Дагвасүрэнг улсын заан цолтой байхад дөрвийн даваанд шороодуулж, анх удаа начны даваанд гарч билээ. 1971 онд Д.Одсүрэнгээр дөрөв даваад, Говь-Алтайн У.Пүрэв заанд унасан. Харин дараа жил нь Б.Түвдэндорж аваргаар улсын цолд хүрсэн дээ.

 

-Тэр үед аваргууд тэр, энэ гэж нутгархалгүй ирээдүйтэй бөхөд цол өгдөг сайхан уламжлалтай байсан гэдэг?

-Тийм шүү. Хэд хэдэн удаа дөрөв давсан болохоор бөхчүүд цолтны хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байсан. Дараа нь бас хүмүүсийн ятгалгад ороод цолоо батлах, ахиулах боломжоо алдсан. 1973 онд дөрөв даваад, тавд Өмнөговийн О.Пүрэв, Д.Хадбаатар, М.Мөнгөн нараас нутгийн дүүгээ авч, цолд дөрөөлүүлж өгсөн. Тэр жил уул нь өөрийнхөөрөө байсан бол тав даваад, цааш дээд цолдоо зүтгэх боломжтой байсан санагддаг. Гэхдээ М.Мөнгөн сайн барилдаж, арслан болоод чих улайлгаагүй.

 

-Улсын цол хүртэхээсээ өмнө ямар цолтой байв?

-19, 21 насандаа тус тус аймагтаа үзүүрлэж, заан болсон. М.Цэрэндорж начингаар хоёуланд нь үзүүрт хүрч билээ. 1965 онд УАШТ-д амжилттай барилдсан гэж аймгийн БТСХ-ноос арслан цол олгосон.

 

-Дасгалжуулагчийн албанд хэзээ шилжив?

-1970 онд УБДС-ийн биеийн тамирын факультетийг багш-дасгалжуулагчаар төгсөөд, шууд “Барилгачин” нийгэмлэгт мэргэжлээрээ ажиллах болсон. Тэндээс З.Дүвчин, Я.Дорж, С.Дорж нарын анхны шавь нар минь гарсан юм. 1974 онд шигшээ багт “играющий тренер” болоод 1982 оныг хүртэл Ч.Насантогтохтой хамт ажилласан. Тэгээд “Хоршоолол”-д 23 жилийг үдлээ.

 

-Дасгалжуулагчдын жишгээр тэмдэглэл сайн хөтөлдөг үү? Бэлтгэсэн тамирчдаас улсын цолтон, гавьяат тэд бий гэсэн тоо гаргаж үзсэн үү?

-Хийсэн, хийх ажлаа байнга тэмдэглэдэг. Ер нь мартах гэдэг үгэнд их дургүй. Миний дасгалжуулсан тамирчдаас гавьяат 10 гаруй, улсын цолтон 20 гаруй, аймгийн арслан мөн 20 гаруй төрсөн гэсэн багцаа тооцоо бий. Мөн эмэгтэйчүүдийг бөхөөр хичээллүүлсэн анхны гурван хүний нэг гэдгээ хэлэхэд таатай байна. Б.Буядаа, Ч.Машбат багш бид гурав 1980-аад оны эхээр эмэгтэйчүүдийн бөхөөр хичээллүүлэх болсон ч, 1983 онд хотын намын хорооны тушаалаар хаагдсан. Тэр үед ямар нэг юм хөгжүүлье гэхэд бэрхшээл, саад их, харин дээрээс зөвшөөрчихвөл хангамж сайн байсан.

 

-Гавьяат дасгалжуулагч цолыг хэзээ авсан билээ?

-1992 онд Сүхбаатарын районоос намайг тодорхойлж, БТС-ын байгууллагын 70 жилийн ойгоор гавьяат дасгалжуулагч болсон. 15 хүнээс сонгож надад шагнал хүртээсэн гэдэг. Тэр үед “Харцага” гэж клуб байгуулан, хөдөөний голдуу 22 хүүхдийг цалинжуулж ажиллуулж байлаа. Өсвөр үе, залуучуудын УАШТ-д амжилттай оролцож, овоо жигдэрч байхад нь нийгэм солигдоод бүгд амьдралаа хөөсөн дөө.

 

-Одоо “Их засаг” их сургууль дээр бөхийн клуб хичээллүүлж байгаа гэсэн?

-”Хоршоолол”-д ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч, нутагтаа очоод ирэхэд Ж.Хайдав арслан надад санал тавьсан юм. Тэгээд жилийн өмнөөс энд бөхчүүдийг бэлтгэл хийлгэж, мэддэгээ зааж сургаж явна. Одоо ерөнхийдөө багаа бүрдүүлсэн. Ирэх жилээс УАШТ-д оролцож эхэлнэ. Тус сургууль материаллаг бааз, хангамж сайтай болохоор бөх хөгжих орчин нь бүрдсэн юм билээ. Захирал Н.Ням-Осор нь шийдэмгий, ажилсаг, спортод их элэгтэй хүн. Саяхан Ж.Хайдав арслангийн нэрэмжит барилдааныг зохион байгуулж, 80 гаруй бөх зодоглосон.

Хэдэн жил эндээ ажиллаж багаа төлөвшүүлээд, цааш үргэлжлүүлээд гайгүй аваад явчих залуу хүнд албаа хүлээлгэж өгөх бодолтой байна. Энэ дашрамд нэг шүүмжлэлтэй зүйл хэлэхэд ихэнх дасгалжуулагч бэлэн “материал” аваад, биеийн амрыг харах юм. Х.Намшир багш л бүр багаас нь бэлдэж, амжилтад нь дөрөөлүүлж байгаа ганц хүн. Залуучуудаас Ц.Шийрэв, Б.Баттулга, “Хүй мандал”-ын Ганбаатар, “Женко”-гийн Г.Энхбаяр нар овоо ажиллаж байна.

 

-Таны дасгалжуулалтын онцлог юу вэ?

-Би сүүлийн үеийн барилдаануудыг үзээд шавь нараа бэлтгэл дээр тулж зогсохыг хориглосон. Огт зүгээр зогсохгүй, сэрвүүгээс идэвхтэй барилдуулж бэлтгэл хийлгэсэн нь ч үр дүнгээ өгч байгаа. “Штангийн” Сүхээ багштай их гар нийлдэг.

 

-Таны шавь нарыг харахад нутаг, нутгийн бөхчүүд байх юм. Сүүлийн үед үндэсний бөхийн клуб, галууд аймгаар дагнан байгуулагдах болсон шүү дээ?

-Би жалга, довын үзэлд ясны дургүй. Бөх болъё гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй ямар ч хүнийг хүлээж аваад ажилласаар ирсэн. Б.Соронзонболд, А.Бямбажав хоёр над дээр ойрхон ирсэн. Б.Соронзонболдоос хойш Говь-Алтайн бөхчүүд манайд ирэх нь илүү болж.

Өнгөрсөн жил СБД-ийн Засаг дарга Ц.Цогзолмаа, тамгын газрын дарга Магнайсүрэн нар дүүрэгтээ үндэсний бөхийг хөгжүүлнэ гэсэн зорилт тавьж, надад  хариуцуулсан. Дөрвөн бөхийг цалинжуулахаар амлаад байгаа. Энэ жил наадмын бэлтгэлд  гарахад хоёр гэр олгохоор болсон.

Мөн 2006 оныг “Хороодыг хөгжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан СБД-ийн 16 дугаар хороонд биеийн тамир, чийрэгжүүлэлтийн талбай байгуулахаар болсон ч газрын албанаас одоо болтол зөвшөөрөл олгоогүй л байна. Хэрэв  цаг тухайд нь зөвшөөрлийг нь олгосон бол одоо уг талбай ашиглалтад ороод хүүхэд, залуучууд, өндөр настнуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх ая тухтай газрын нэг болох хугацаа өнгөрчихлөө.

 

Зураг дээр: Зүүн гар талаас. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Ж.Хайдав, улсын начин Д.Солоон, улсын начин Ц.Лхамаа, гавьяат дасгалжуулагч, улсын начин Д.Баатаржав, гавьяат тамирчин, улсын начин Т.Артаг, чөлөөт бөхийн ДАШТ-ий Ү байрын шагналт, “аат” хэмээх Б.Намжим

Энэхүү зургийг Увс аймгийн 70 жилийн ойн наадмын үеэр Увс аймгийн намын төв хорооны үзэл суртлын хэлтсийн дарга Ж.Роозон авч мөнхөлжээ.

Wednesday the 28th. Joomla templates 2.5. Custom text here