Extension by best poker site the nr. 1 poker site.

Монгол Улсын начин Д.Нэгдэл: Бөхийг бөх хүн л хайрлах хэрэгтэй

Хэвлэх
                                                                                          Эх сурвалж: www.mminfo.mn 2015 оны 11 сарын 16
Монгол Улсын начин Д.Нэгдэл, түүний хүү аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр нартай ярилцлаа. Ид бяр тэнхээ нь жигдрэн сайн барилдах үедээ есөн жил барилдаж чадаагүй. Тэрнээс лавтай заан цолны эрэмбэтэй барилддаг бөх байсан гэлцдэг. Хурдтай, тэмцэл тэвчээртэй барилддаг бөхийн энэ чанар нь хүүд нь өвлөгдөн сайхан барилдаж байна. Уртын болоод богино дууг сайхан дуулдаг. Урлагийн тайзанд бол дуучин л байхаар хүн. Дүү нь УГЗ Д.Цэцэрлэг шүү дээ.

-Яриагаа удам судар, аав ээжээс эхэлье.  Мэдээж бөхтэй газрын хүн  удамд тань барилдаж явсан хүмүүс байсан байх?


-Би Увс аймгийн Тэс суманд төрсөн хүн. Манай аав Довчин гэж хүн байлаа. Анх сумын нэгдэл байгуулсан. Нэгдэлийн анхны хурал хийж байхад би төржээ. Тэгээд л Нэгдэл нэр өгсөн түүхтэй юм. Аавын минь авга ах болох хүн нь бөх хар Чойнзон гэж байжээ. Бөхийн түүхэнд нэр нь байдаг л хүн. Удмаас нь аймагт дөрөв түрүүлсэн аймгийн арслан Дамдин гэж хүн байлаа. Дүү нь гурав түрүүлсэн Хулансамбуу гэж арслан одоо хотод амьдарч байна даа. Улсын наадамд ирж  барилдаж чадаагүй л дээ. Улсын цол авсан нь би юм. Бөх хар Чойнзонгийн удмаас аймгийн хурц арслан хоёр тэгээд би улсын начин цол авчээ. Ийм удамтай учраас л миний хүү гайгүй барилдаж байгаа байх гэж боддог.

-Мөнгөн арсланг бас бөх хар Чойнзонгийн удам гэж сонссон. Энэ үнэн үү?

-Тийм ээ үнэн үнэн. ( улсын арслан Мөнгөн “би бол Чойнзон арслангийн үсэрсэн цус, тасарсан мах” гэж хэлсэн гэж үг байдаг. сур )

-Хүүхэд  байхаасаа л  барилдав  уу?

-Нутагтаа бол бага сургуулиасаа л барилдсан. Тувад уулзалт барилдаануудад барилддаг л байсан. Аравдугаар анги төгссөн жилээ УБДС-ийн биеийн тамирын ангид аварга Х.Баянмөнхийн гар дээр ирсэн хүн л дээ.  Баянаа аваргын гар дээр хоёр жил хичээллээд 20 настай  чөлөөт бөхийн улсын шигшээ багийн тамирчин болсон. Тэр хоорондоо заалны барилдаанд хааяа нэг гардаг байлаа. Бас ч нэг хоёр давдаг болсон. Нэг давахаар 10 төгрөг, хоёр давахаар 20 төгрөг авдаг байлаа. Оюутан хүнд  давгүй их мөнгө байлаа шүү дээ. Шигшээд орсноос хойш нэлээд гайгүй амжилттай барилдаад, үндэсний бөхийн амжилт ч ахисан даа.

-Та улсын наадамд харьцангуй  цөөн барилдсан байх аа?

-Тэгсэн. Анх 1972 онд барилдсан. Арав төгссөн жилээ 18 настай барилдсан даа. Үндсэндээ бол улсын наадамд 1977 оноос эхэлж барилдсан хүн л дээ. 1977, 1978 онуудад хоёр давсан.

-Тэгээд 1979 онд начин болсон шүү дээ.

-Ардын хувьсгалын 59 жилийн ойн баяр наадмаар улсын арслан Эрдэнэ – Очироор давж начин болсон доо.

-Чөлөөтийн шигшээд  68, 74 кг  гэхээр  хөнгөн жинд барилдаж байжээ дээ?

-Тийм ээ, бүүр сүүлдээ жин багтахаа байгаад 82 –д орж байсан л даа.

-Тэгэхээр алдарт З.Ойдов аваргатай нэг жинд, нэг үед барилдаж байсан болж таарах гээд байна аа даа.

-З.Ойдов аварга чинь ер нь хүнд хожигдож үзээгүй хүн шүү дээ. Дээшээ харахаараа мост хийж чаддаггүй. Яагаад гэхээр хүнд унадаггүй дээшээ хардаггүй юм чинь. Хүзүү нарийн хөлдөө их чадалтай унадаггүй хүн байхгүй юу даа. Би Улаанбаатар төмөр замын нэрэмжит барилдаанаар  ялж түрүүлсэн юм. Намайг сургуульд байхад  Цээлээ гэж багш хэвтэн цохино гэж мэх заасан юм.  Дээр үеийн бух ноолдооны мэх гэдэг . Сугадсан хүнийг гараараа уургалж аваад  өөрөө унахдаа  шидээд  доороо хийчихдэг мэх л дээ. Тэр мэхээрээ цэвэр ялж байлаа.

-Хэр өгөө аваатай байв?

-Ганц удаа удаа ялсан нь тэр ээ. З.Ойдов аваргыг дийлдэггүй байсан. Дээшээ 74 кг ороод  ирсэн чинь 1980 оны Москвагийн олимпийн мөнгөн медальт  Даваажав байлаа. Би ч 68 кг, 74 кг-ийн аль алинд нь хоёрдугаар зэргийн л тамирчин байсан хүн дээ. Улсын аваргаас гурван мөнгөн медальтай. Ер нь хот улс, олон улсын чанартай тэмцээний 48 медаль л байдаг юм.

-Чөлөөт бөхийн улсын шигшээ багийн тамирчин байлаа шүү дээ?


-1974-1980 онд шигшээгийн тамирчин байлаа.  З.Ойдов, Даваажав хоёрын алийг нь ч бардаггүй байсан. Тэр хоёрыг дийлэхгүй болохоор олимп дэлхийн тэмцээнд орж чаддаггүй байлаа. Тэрнээс олон улсын тэмцээнд бол оролцож байсаан. Медаль ч авч л байлаа. 1981 онд спортын мастер болсон доо.

-Үндэсний бөхрүүгээ эргээд оръё доо хоёулаа. Тэсийнхэн гээд ярихаар бусгадаг л мэх ихэвчлэн хийдэг. Та бас бусгадаг байв уу?

-Миний үндсэн мэх бусгах л даа. Ер нь манай нутгийнхан, МУГДасгалжуулагч Д.Баатаржав гуайгаас эхлүүлээд сайн бусгадаг. Хойч үедээ ч өвлүүлээд заагаад явчихдаг байсан. Би бол баруун талтай, бариад л бариа зөрөөн дээр баруун талдаа бусгана. Улсын наадамд есөн жил барилдалгүй завсарлаад 1991 оны ардын хувьсгалын 70 жилийн ойд зодоглосон. Дөрвийн даваанд гавьяат тамирчин улсын заан Цэнд-Аюушийг баруун ганцхан татаж бусгаад л давж байлаа. Тэр наадмын тавын даваанд түрүү бөх заан О.Балжиннямд ( улсын аварга) унасан даа.

-Таны үед тойргийн барилдаан их болж байж дээ.


-Тийм ээ. Тойргийн цол олгодог барилдаанч байлаа. Уран барилдааны шагнал гээд янз бүрийн л юм олгодог байсан л даа. 1982 оны улсын аваргын тойргийн барилдааны спортын мэдээ сонинд гарсан хайчилбар надад байна л даа. Энд 32 бөх тойргоор барилдсанаас 16 бөх шигшээд үлдсэн байна.  Үлдсэн шигшээ 16 дахиад тойргоор барилдуулдаг байхгүй юу. Цэрэнтогтох, Хад аварга, Мөнгөн арслан, Тулгаа заан гээд л цол доор байсан л даа. Балжинням гэхэд аварга болоогүй л байсан. Би Эрдэнэт хотоос багийн дасгалжуулагчаар ирсэн. Эрдэнэтээс гурвуулаа ирсэн юм.

Аймгийн арслан Цэдэнсодном, аймгийн арслан Гончиг бид гурав. Увсаас Тулгаа, Балжинням, Намсрайжав байсан санагдаж байна. Бусад газраас гурван бөхтэй газар байхгүй байлаа. Ингээд 32 бөх болсон. Нийлбэр дүнгээр би дөрөвдүгээр байранд орж уран барилдааны тусгай шагнал авч байлаа, нөгөө хоёр маань 10, 15-р байранд ороод Эрдэнэтийн анхны багийн медалийг авч очиж байлаа.  Том барилдаан болж байжээ. Жилд ганц болдог монголын шилдэг 32 бөх өрсөлдөж байлаа даа. Том ч шагнал байсан даа. Буцаж очоод Цэвээн даргаас нэг сарын цалинтай чөлөөгөөр шагнуулж байлаа.  Дараа жил нь 1983 онд зургаад орсон шиг санагдана. ( Начин 1980, 1982, 1983 онуудад Эрдэнэтийн баяр наадамд түрүүлсэн байдаг. Улсын баярт барилдахаар явах гэхэд нь энд ярьж байгаа Цэвээн дарга чи энд ажиллаж амьдрах юм бол байртай бол, аймгийн наадамдаа түрүүлчихвэл байр өгөх шалтгаан болно доо гэснээр аймагтаа барилдаж байртай болжээ. Бөхөд дуртай сайн хүн байсандаа хэмээн начин дурсдаг. ) Би эрдэнэтийн анхны дасгалжуулагч байхгүй юу.

Эрдэнэт хот байгуулагдаад  Цэвээн гэдэг дарга анхны самбо бөхийн багийг санаачилж байгуулсан хүний нэг шүү дээ. Тэр хүн намайг хоршоолол нийгэмлэгт ажиллаж байхад урилгаар аваачиж дасгалжуулагч болгож  байсан юм. Өсвөрт нэг хүүхэд бэлтгэсэн. Одоо гарьд магнай киноны Далайцэрэнд  тоглодог а.а  Батдорж ТМС-ийн хүүхэд байсан.  Г.Батсайхан гээд жижигхэн хүүхдийг бага насанд авч хичээллүүлээд. Хоёуланг нь хотод авчираад багаараа мөнгөн медаль авч байлаа. Эрдэнэтийн насанд хүрэгчдийн болоод залуучуудын анхны медалийг авч байлаа даа.

-Эрдэнэт гэхээр одоогийн Хангарьд клуб гэсэн үг үү?

-Хуучин уулын баяжуулах үйлдвэрийн биеийн тамирын тасаг гэж байсан шүү дээ. Хангарьд байгуулагдаа ч үгүй байсан. Би бол Эрдэнэт хотын биеийн тамир спортын хорооны дасгалжуулагч байлаа.

-Тойргийн барилдаан гэхээр их өгөөжтэй байсан юм шиг санагдаад байдаг. Сэтгэлзүйн хувьд нэг уналаа гэхэд хасагдчихгүй, жин багатай цуцаа багатай хүнд бүр ч өгөөжтэй юм шиг.

-Бөхчилж барилдахад гэнэдээд уначих тохиолдол гарна шүү дээ. Тойргийн барилдаанд хашир барилддаг учраас хүч нөөцөө хувиарлаж барилдана. Дараачийн хүнтэй барилдахдаа хүчээ нөөнө. Тойргийн барилдаан дээр л жинхэнэ бөх хүний ур авьяас гарч байгаа юм л даа.

-Таны тухай барилдааныг тань мэдэх хүмүүс жижигхэн биетэй ч шуудагдаж барилддаг. Хүнд бярдуулдаггүй, өөрөөсөө том хүнтэй их сайн барилддаг байсан гэж ярьдаг. Шуудагнаас сайн барилдана гэдэг бяртай л хүний шинж шүү дээ?

-Тийм дээ. Би бие багатай хөнгөн жингийн л хүн шүү дээ.

-Тэгэхээр таны барилдааны онцлог  юу байв ?


-Том биетэй хүнтэй барилдах сонирхолтой байдаг байлаа. Барилдахад их эвтэйхэн санагддаг. Би бярдуулдаггүй, өөрөө аваад л шуудагдаад татчихдаг байсан. Шуудаг татна гэдэг чинь ганцхан шууны бяр ордоггүй юм байна лээ л дээ. Шуудагдаад татахаар ухаандаа хүндийн төвийн тааруулж, модоор бол ганжиндана гэсэн үг шүү дээ. Төв цэгийн олоод татахаар их хөнгөхөн өргөгддөг байхгүй юу. Давааням заан, Жалаа начин гээд том биетэй бөхчүүдийг шуудагдаад, татаад хаячихдаг байсан.

-Одоо ч гэсэн хараад байхнээ жижиг биетэй хүн, том биетэй хүнтэй их аятайхан барилдчихаад байгаа харагддаг л даа.

-Тийм шүү дээ. Жижиг биетэй хүн жижигхэн хүнтэй барилдах их эвгүй ээ. Би жижиг ч надаас бага хүн гэж байна даа. Тийм хүнтэй барилдах бас л эвгүй. Тиймээс өөрөөсөө том жин ихтэй, бяртай хүнтэй барилдах аятайхан байдаг.

-Хүүгийн чинь барилдааны тухай ярья. Хүүгээ хэр тоож байна?

-Дотроо ч хүүгээ алсдаа нэг юманд хүрчих болов уу гэж боддог л доо. Аавынхаа цолыг авчих байх, цаашлаад  миний аваагүй цолыг л ямар ч байсан аваасай гэж боддог. За даа улсын наадамд нэг  түрүүлчих байх л гэж боддог шүү дээ хүүгээ.  Тэр бодолд минь хүрч өгөхгүй болохоор нь бас загнана аа би. Санаанд хүрэхгүй байна гээд. Урам өгөх гээд хааяа бас магтана. Ерөнхийдөө л санаанд хүрч барилдахгүй байх шиг л санагдаад байгаа. Ухаандаа миний хүү чинь намайг бодоход арал ихтэй, бяртай. Ээж нь их өндөр хүн л дээ. Ээжийнх нь аав зүүнхараагийн өндөр Мижид гэж хүн байлаа. Ээж талаасаа арал нуруу нь удамшсан, надаас бол барилдааны юм л шингэсэн байх л гэж боддог. Болдог бол хүүгийнхээ биеэнд миний барилдааныг хийчихвэл монголд дийлдэхгүй л хүн болох байх гэж боддог юм.   Би чинь бөхийн удамтай, дунд нь олон жил ид сайхан барилдаж байх үедээ залуугийн хар гайгаар хэрэгт ороод есөн жилийн амьдралаа алдчихсан хүн шүү дээ. Гарч ирээд улсын наадамд 4 давж байлаа шүү дээ. Гурав ч  зөндөө давсан, олон ч бөх гараасаа төрүүлсэн хүн л дээ.

-Таны барилдаан хэр харагдах юм.
 
-Миний барилдааныг л наадах чинь ердөө хийхгүй юм. Харин тэр шуудагдаж татахыг л сайн хийж байгаа юм. Өөрөө давамгайлаад өөрийнхөө барьцыг бариад авч чадахгүй л байгаа. Дандаа хүлээгээд байгаа байхгүй юу. Түүнээс биш өөрөө яваад барьж авбал зүгээр. Цаад өрсөлдөгч нь ч сэтгэлзүйн хувьд  дутуу болоод эхлэнэ шүү дээ. Одоо П. Бүрэнтөгсийн барилдааныг хараад байхад  дандаа явж барилдаж байгаа шүү дээ. Тэгэхэд манай хүн бол хүлээгээд байна л гэж хараад байгаа юм би.

-Одооны  залуу бөхчүүдийн барилдааныг  хараад та юу бодох юм?

-Бидний үед одооных шиг ийм их бэлтгэл сургуулилт байсангүй шүү дээ. Бөхийн сургуулиуд, клубууд ч байсангүй. Аманд дандаа цэргүүд л гардаг байлаа. Одоо бол бөх их хөгжсөн, залуучууд ч тууштай бөхөөр хичээллэж байна даа. Монгол хүн угаасаа бөхдөө хайртай болохоор сонирхогч олон болсон, залуучуудын барилдаан сайхан болж байна аа. Сумын заан ч гэлтгүй залуус дотор аварга ч байгаа  гэж боддог. Манай аварга багшаас эхлүүлээд бөхөд хайртай хүмүүс  хойч үеэ бэлтгэхэд асар их хүч  хөдөлмөр, хөрөнгө зарцуулж байна шүү дээ. Одооноос  илүү ч хөгжинө л гэж боддог.

-Дэвжээнд гараад барилдахад бөх хүнд юу чухал байдаг, сэтгэлзүйгээ яаж бэлдвэл зүгээр байдаг юм вэ?


-Өрсөлдөгчөө л их ажиглах хэрэгтэй л дээ. Надтай барилдаан таарах нь уу, ямар талтай байна, яаж барилдвал зүгээр байна гээд сайн судлах хэрэгтэй. Өөрөө давчихаад залуучууд бусдыгаа харахгүй л яваад орчихож байгаа харагддаг. Би бол өөрөө давчихаад л бусдынхаа барилдааныг их сайн хардаг байсан. Тэгээд гараад барилдахаар нөгөө хүнээ мэдэж байгаа учраас яаж барилдахаа бодно, талбайгаа сонгоно. Гадаа барилдаж байгаа бол нартай талаас нь өрөх үү, сүүдэртэй талаас нь өрөх үү гээд нарийн шүү дээ барилдаан чинь. Ухасхийгээд суйлтал цаана нь юм тулчихвал мэхээ гүйцээж чадахгүй еэ дээ. Сайн л ажиглаж судлаж байж барилдаан хийнэ дээ.

-Таны үед бол энэ тал дээр засуулын үүрэг их өндөр байсан байх аа.

-Тэгэлгүй яахав. Одоо бол би муулах гээд байгаа юм биш. Одооны засуулууд  хариуцлагагүй байгаа юм аа. Шууд очоод бариад авахгүй бөх нь  хашлага тулчихдаг. Шуудаг барьц авч байхад  хариуцлагатай бариулахгүй байх асуудал байна. Их л хариуцлагатай болгомоор санагдаад байдаг. Болж өгвөл өөрөө барилддаг хүнээр л засуул хийлгэмээр юм шиг.

-Бөхийн барилдааны маргааны шалтгаан засуултай холбоотой байх нь их бий шүү?

-Би тэгж л бодоод байгаа юм. Зурагтаар харж байхад МҮБХ-ны Цогтбаатар энэ тэр хэлж байгаа дуулддаг. Засуулууд нь тэр үгийг нь авах ч үгүй юм байна шүү дээ.

-Бөх барилдана гэдэг чинь тэмцэл шүү дээ. Энэ дунд өөрийгөө ирлэх зоригжуулах юм байна. Хор шар гэж айхтар сэтгэлзүйн асуудал байгаад байдаг.

-Хор шар байх нь зүйтэй. Гэхдээ зөв гаргах нь чухал даа. Гол нь хор шарандаа хүнд буруу мэх хийх, буруу халах, нэгнээ гэмтээх юм хийхгүй л байх хэрэгтэй. Элэг бүсээ тавихгүй болохоор нь өвдгөөрөө гар дээр нь дарж тавиулах зэрэг буруу юм харагддаг л юм. Би илүү, би дийлж давж чадна гэж өөрийгөө ирлэж барилдаж байгаа бол давж л таарна шүү дээ. Залуучуудад хэлэхэд хамгийн гол нь бие биенээ хайрлаж байх хэрэгтэй. Хайрлана гэхээр унаад өг гэж байгаа юм биш шүү дээ. Унагаасан ч гэсэн татаад босгочихдог. Өөрөө ч унахдаа зөв унадаг, буруу унаж байгаа хүнийг дээрээс нь дарж гар хөлийг нь бэртээх ч юм гарна. Гол нь бие биенээ бэртээж болохгүй л гэж захидаг юм. Нэг л бэртэл авчихвал дахиад амжилт гарахгүй шүү дээ. Би хүүдээ ч хэлдэг юм. Эхлээд чи хүнд унаж сурах хэрэгтэй, дараа нь унахгүй болж сурах хэрэгтэй. Сүүлд нь хаяж сурах хэрэгтэй.

-Ер нь өөрөө зөв унаад сурчихсан хүн, бусдыг ч зөв унагааж сурдаг байх аа даа.


-Наадахыг чинь л хэлэх гээд байгаа юм. Одоо миний нэрэмжит барилдаан болох гэж байна. Залуучуудад хэлж захих юм бэлдэж л байна. Аагтай бардам зангаас л хол явах хэрэгтэй. Би чинь залуугийн тийм л гайгаас хэрэгт орчихсон хүн шүү дээ. Тэрнээсээ болоод  дээшээ цол авах боломжоо ч алдсан, амьдралдаа ч алдсан хүн ах нь. Хүүхдүүдэд  захих юм,  маш сайхан даруухан бие биенээ хайрладаг байгаасай. Тэгээд бөх гэдэг залуу насны юм шүү дээ. Би хичнээн сайн бөх байгаад ганцаараа барилдах биш. Эсрэг бөх байж л барилдана шүү дээ. Тэгэхээр бөхийг бөх хүн л хайрлах хэрэгтэй.

Аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр : Сэтгэл зүрхээ зориулаад, бэлтгэлээ сайн хийгээд явж байхад нэг л өдөр амжилтанд хүрнэ

-Ээжийнхээ тухай ярих уу? Аавын удам гарвалын тухай ярилаа шүү дээ.

 -Манай ээжийн  тал их өндөр том биетэй хүмүүс байдаг. Ээжийн  талынхан бүгдээрээ сэлэнгэ аймгийн мандал сумын унаган иргэд л дээ. 

-Удам дамжсан бөх, аав нь бөх,  өвөө нь бөх  гэхээр арай илүү хариуцлага ирээд байх шиг санагддаг. 

-Мэдээж бөх хүний хүүхэд юм чинь удмаа залгаж барилдаж байна. Аавынхаа цолонд хүрэх, хүрч чадаагүй, хийж амжаагүйг нь хийх гээд л бэлтгэлээ хариуцлагатай хийх хэрэгтэй л гэж бодож явдаг.

-Аавынхаа захиасыг, шүүмжлэлийг хэр хүлээж авч байна.

-Хүлээж авна аа,  авна.

-Гол нь барилдаандаа тусгаж чадаж байна уу?
 

-Аав хөдөөнөөс ирэхээрээ голдуу л барилдааны талаар л ярилцдаг. Алдаа оноо, яаж унасан гээд  л, тэгж ингэж барилдвал зүгээр гэж л ярилцана л даа. Тэрнээс барилдааны мэдлэгийг бол багш нараасаа л авна шүү дээ. Аавын зөвлөгөө , аав хүний нөмөр нөөлөг байна. Барилдааны  хариуцлага, алдааг л зааж дутагдлыг хэлж өгдөг дөө.

-Энэ жил улсын наадамд анх удаа барилдлаа даа.


-Тэгсэн. Гурвын даваанд унасан.

-Улсын наадмын дэвжээ хэр байна, юу бодов?


-Анх удаа барилдсан, хиймэл зүлэгтэй гээд онцлог байсан л даа. Гэхдээ биеэ барьсан юм байгаагүй ээ. Дорнодын  Д.Анар арсланд унасан даа.

-А.а  Д.Анар та хоёр наадмаас өмнө барилдаж байв уу?

-Ерөөсөө таарч барилдаж байгаагүй. Анх удаа л улсын наадамд таарлаа. 

-Бусад  бөхийн хувьд бол наадамд дөрөв давсан, хэдэн жил барилдчихлаа, одоо цол авах цаг нь болсон гээд л ярьдаг шүү дээ. Та бол онцлогтой нь улсын наадамд барилдаж үзээгүй байхдаа л  цолтны тааварт орчихсон шүү дээ.

-Миний бодлоор өнгөрсөн жилүүдийн цол авсан хүмүүсийг хараад байхад намраас хавар хүртэл зааланд сайн барилдсан бөхчүүд л ихэнхи нь цол аваад байна. Бөхийн өргөөнд долоо хоног бүр барилдаантай байдаг. Тэнд л сайн барилдаад байхаар хүмүүсийн хараанд өртөнө. Сайжраад барилдааны амжилт ахиад байхаар л цолтны тааварт оруулдаг шүү дээ. Би өөрөө ч дотроо бодож л байсан. Ноднин заалны барилдаанд чадахаараа л барилдсан. Хурц арслан цолтой  хүн учраас чадлаараа л сайн барилдахыг хичээсэн дээ.

-Заалны барилдаанд алгасахгүй барилдаад байхаар барилдааны бэлтгэлд их хэрэгтэй юм шиг байдаг.

-Тэгэлгүй яахав. Үндэсний бөхийн барилдаанаар бэлтгэл хийхээрээ нэгнийгээ танддаг ч юм уу,  үнэнээсээ барилдахгүй байгаа тал байдаг. Заалны барилдаанд бол яг давна л гэж үнэн сэтгэлээсээ  барилддаг. Бүх юмаа шавхаж барилддаг учраас хөлс хүч гардаг,  тэр хэмжээгээрээ сайжрахад нөлөөлж байгаа болов уу гэж бодож байна л даа.

-Бөхчүүд ер нь наадам дөхөхөөр  тактикийн барилдаан хийдэг, барилдаанд оролцож барилдахаа больчихдог шүү дээ.


-Том цолтой бөхчүүд наадам дөхөхөөр барилдахгүй өөрийгөө нөөгөөд байдаг тал байдаг. Бид нар бол хамаагүй л дээ.  Барилдаан бүрд л гарахыг боддог. Урд өдөр нь ч хамаагүй бэлтгэлээ хийж байгаад  л  барилддаг.

-Хүчний бэлтгэл хэр хийж байна?

-Увс нуур гал долоо хоногийн мягмар, пүрэв  гаригт  үндэсний бөхийн бэлтгэлдээ тогтмол хамрагдаж хийдэг. Үлдсэн 3 өдөртөө хүчний бэлтгэлээ хувиараа хангадаг. У.а Бүрэнтөгс, у.х Баасанхүү, а.а Оргилболд, а.а Мөнхбаяр, а.з Түмэн бид хэд  у.з Одгэрэл багш дээр хүч спорт хороонд хүчний бэлтгэлээ базаадаг даа.

-Мэргэжлийн багштай бол тийм зүйл байхгүй байх л даа. Хүчний бэлтгэл хэтрүүлчихээр хатуураад барилдаан гардаггүй гэж ярьдаг юм байна лээ?

-Штанг их  хийгээд хатуураад барилдаан гарахгүй байгаа нь ажиглагддаг. Бид бол багшийнхаа удирдлагаар үндэсний бөхийн барилдаантайгаа уялдуулж  хийдэг.

-Одоо аавынхаа начин цол авсан насан дээр бараг ирж байгаа юм байна.

-Тийм байна. 1979 онд гэхээр 25 настай начин болж байжээ. Миний энэ жил орж байгаа гэхээр бараг өнгөрч байгаа байх шүү.

-Гэхдээ начины үе, танай үе хоёр арай өөр болчихоод байна шүү дээ.

-Харьцангуй бөх хөгжөөд олон хүн барилдаж, бөхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж бэлтгэл сургуулиа хийж байна. Илүү хөдөлмөрлөж, бөхийн төлөө бүх зүйлээ зориулсан нь л амжилтанд хүрч байгаа болов уу гэж бодож байна л даа.

-Сая аав чинь шууд хэлчихлээ л дээ. Төрийн наадмын түрүү хүлээж байгаа шүү гэлээ. Өөрөө юу гэж бодох юм. Бэлтгэл хийгээд барилдаад, тогоонд нь буцлаад явж байгаа хүн чинь би нэг тэр хавьд л байна шүү.  Миний давуу бас сул тал нь энэ юм гэдэг ч юм уу, өөртөө дүгнэлт хийж  байгаа байлгүй.

-Би Сэлэнгэ аймгийн мандал сумын харьяат хүн. Анх у.х Өсөх-Ирээдүй багш дээрээ бэлтгэл хийж байгаад 2013 оноос увс нуур галд хамрагдаад бэлтгэл хийх болсон л доо. Аавтайгаа ч зөвлөсөн. Төрийн наадмын олон түрүү хүртсэн том голд  өндөр цолтой олон бөхчүүдтэй хамт бэлтгэл сургуулилт хийе л гэж бодсон. Хамт бэлтгэл хийж байгаа ах нар маань төрийн наадамд түрүүлээд байна. Хажууд нь хамтдаа бэлтгэл хийж байгаа бидэнд ч бас сэтгэл зүй бүрдэж байгаа юм л даа.

-Сэтгэлзүйн хувьд  давуу тал үүсэж байна.

-Манай галаас 2010 онд Ганбаа ах / у.а Б.Ганбат/ түрүүлснээс хойш сүүлийн Мөнхөө аварга Бүрэнтөгс арслан, Батсуурь арслан гээд нэлээд хэдэн түрүү авлаа. Тийм хүмүүстэй бэлтгэл хийгээд ирэхээр би яагаад болохгүй гэж бодно. Манай галын хүн бүрт л тийм бодол байгаа.

-Багш нарын хувьд барилдааны тал дээр юу зөвлөх юм. Цаашдаа ингэж барилдвал чи амжилтад хүрнэ шүү гэдэг зөвлөгөө өгнө биз дээ?

-Анхны багш маань миний суурийг үнэхээр сайн тавьсан гэж боддог. Т.Өсөх-Ирээдүй багштайгаа тэр үед  долоо хоногийн  долоон өдөр тогтмол бэлтгэл хийдэг байсан. Сэлэнгээс 40 гаруй залуучууд авчраад бэлдэж байсан даа. Тэднээс одоо а.а Уугандаваа, а.з Төрболд гээд эхнээсээ цол авч байна.  У.х Өсөх-Ирээдүй багш маань байнга хэлдэг байсан. Хэн илүү бэлтгэл сургуулилтаа сайн хийнэ, хэн илүү хөдөлмөрлөнө тэр хүн л амжилтанд хүрнэ гэж.  Одоо том галд хамрагдаж байна. Том багш нартай харьцаж байна. Багш нарынхаа арга техник, зан харьцаа бүх юмыг нь дууриагаад л сайн чанаруудыг нь авахыг л бид хичээж байна.

-Цагаан сар, наадам гээд том барилдаануудад  ихээр харагддаг юм нь залуучуудад сэтгэлзүйн бэлтгэл дутагдаад байна уу.  Бөх бол мэргэжлийн талруугаа илүүтэй хөгжөөд  эхэллээ шүү дээ. Гэтэл спортын сэтгэлзүй, сэтгэлзүйч дутагдаад байгаа нь харагдаад байдаг.

-Монгол үндэсний бөхөд  чинь эрэмбэ гэж юм байна. Өөрөөсөө дээшээ цолтой бөхөө мэдээж хүндэтгэнэ. Багш нар маань дэвжээн дээр гараад хүний цолтой нь барилдаагүй, хүнтэй л барилдаж байгаа гэж бодоорой гэдэг. Хүн ер нь хэнтэй ч барилдсан хаяах л сэтгэлзүйтэй  гарна шүү дээ.

-Би бол үзэгч сонирхогчийн үүднээс л дүгнэж байгаа. Би угаасаа дийлэхгүй, энэ бөхөөс дутуу гэж бодоод байгаа нь харагдаад байдаг л даа.


-Тэр яахав хувь хүний сэтгэлзүйн бэлтгэл л дээ.

-Барилдааны тэмдэглэл хөтөлдөг үү?

-Байнга хөтөлдөг юм. Наадмын бэлтгэл, заалны барилдаанд гарсан ч өөрөө тэмдэглэлийн дэвтэртээ өдөр болгон хөтөлдөг.

-Өрсөлдөгчдийн судалгаа хэр хийж байна?


-Үеийнхээ ид барилдаж байгаа бөхчүүдээ харна. Судалгааны хувьд хэнтэй таарч болох уу, хэн дээр  нугаларч очих уу тэр бүгдийг бодож тооцоолдог. Ямар ч байсан өөрийн эрэмбээсээ дээшээ 5, доошоо 5 байнгын тооцоотой байдаг.

-Дөнгөж барилдаж эхлэх үе хэцүү байдаг. Барилдаанаас хасагддаг, нэгийн даваанд олон унадаг. Шантрах үе гарах уу?

-Би 2010 оноос  бэлтгэл хийж эхэлсэн. Одоо 6 дахь жилдээ болж байгаа юм байна. Анх залуу бөх бүтэн жил дандаа нэгийн даваанд унасан. Том барилдаанд, том бөхчүүдийн аманд гарах гээд 2 цагт барилдаан эхлэх байтал өглөө 9 цагаас гадаа зогсоно. Өвөл хүйтэнд даарна. Тэгээд бүртгүүлж ороод аманд гараад барилддаг байлаа. Гэхдээ  шантрах сэтгэл төрж байгаагүй. Бэлтгэлээ л улам хичээж хийнэ. Нэг давдаг болохын төлөө, дараа нь хоёр давахын төлөө гээд л бэлтгэлээ хийнэ дээ.

-Шантрахгүй байна гэдэг чинь хор шар байна аа. Өөрөө шартай хүн үү?

-Би өөрөө их хор шартай хүн. Бөхөөс өөр тэмцээн уралдаан, хүнтэй маргалдсан ч дийлж байж л салах гээд байдаг.

-Аюулын шартай байна аа. Гэхдээ дэвжээн дээр нэг их харагддаггүй шүү дээ.

-Тэр бол мэдээж спортын шар л даа. Хүнд ямар муу санаад байгаа биш дээ.

-Өөрийн чинь барилдаан харьцангуй маргаан багатай болдог. Уналаа ч айхтар шаралхаад маргаад байгаа юм харагддаггүй шүү дээ.

-Би чинь өөрөө өндөр хүн болохоор эхэн үедээ амархан уначихдаг байлаа. Хонгодуулаад, хөлөө алдаад уначихна. Нэгэнт уначихсан юм чинь маргаад байх шаардлага байхгүй. Дотроо бодно, унасан шараа бэлтгэлийн зааланд гаргана.

-Юун дээр алдав гээд л


-Тийм. Яаж унав гээд л бодно л доо.

-Засуулын тухай яриа хэцүү байдаг. Хариуцлагагүй байдаг, заримдаа эсрэг бөхөд үйлчлэх ч тохиолдол гардаг ч гэдэг.

-Хоёр бөхийн тулаанд засуул бол асар их үүрэгтэй л дээ. Миний засуул бол бүх талаар зөвлөж заах хэрэгтэй. Ганц нэг удаа тийм юм болдог л юм. Эсрэг бөх том цолтой бөх байвал их анзаарагдана. Харсаар байтал буруу харчихаад буруу шүүх юм гардаг. Миний барилдааны хувьд гайгүй байдаг аа. Тийм тохиолдол нэг их гараад байдаггүй ээ. Бусад бөхчүүд юу гэж боддог юм мэдэхгүй л дээ. Өргөөндөө камер, том дэлгэцтэй болбол зүгээр санагддаг. Маргаангүй шийдчихдэг.

-Тийм шүү. Хариуцлагатай даваануудад ялангуяа шүүлтийн тал дээр бодмоор л санагдаад байдаг юм.

-МҮБХ  яваандаа тийм ажил хийх байлгүй дээ.

-Бөх хүний давуу чанар юу байх ёстой юм бэ, ямар зан чанар барилдаанд амжилт гаргахад  өгөөжтэй байдаг вэ?


-Барилдахын тулд хүн өөрийгөө бэлтгэх шаардлагатай. Ингэхийн тулд юмнаас амархан уйддаггүй, тууштай, тэмцэх чадвартай байх хэрэгтэй. Эцсийг нь үздэг, хичээл зүтгэлтэй байх нь чухал. Нэгэнт бөхийн спортоор хоолоо олж идэх гээд сонгосон бол тэрнийхээ төлөө юу ч болж байсан зүтгээд л  эцсийн үзэх тууштай зан чанартай байх хэрэгтэй гэж боддог. Өнөөдөр уначихаад л маргааш би ерөөсөө чадахгүй юм байна гээд байвал хэцүү шүү дээ. Хичээх л хэрэгтэй. Дээрээс нь бөх хүн даруу төлөв, ухаантай юмыг уужуу тайван хүлээж авдаг байх хэрэгтэй л дээ. Бөх хүн бүдүүн өвсөнд гээд л ярьдаг. Үнэндээ бөх хүн чинь ард түмнийг бясгаж гоё ажил хийж байгаа хүн шүү дээ.

-Бөхчүүд  илүү мэдрэмжтэй юм шиг санагддаг. Бөхийн барилдаан чинь өөрөө мэдрэмж их шаарддаг ажил шүү дээ. Мэдрэмж багатай бол бяртай, хүчтэй байгаад их хол явахгүй юм шиг санагдаад байдаг.

-Барилдаж байгаа хүмүүс  бол бүгд л өөрийн гэсэн мэдрэмжтэй. Хамгийн гол нь хэн нь илүү сайн мэдэрч байна, хөдөлмөрлөж байна тэр нь л илүү явах байх.

-Сая хоолоо олж идэж байгаа юм чинь гээд ярилаа л даа. Бөхөөс хоолоо олж идэх боломж хэр байдаг юм. Та бол аймгийн хурц арслан хүн. Яг бөхөөр амьдралаа аваад явах боломж байна уу?

-Манай аавын үед бол ийм байгаагүй юм байна лээ. Одоо бол бөх хөгжөөд мэргэжлийн спорт шахуу болж байна. Бөхийг дэмжиж байгаа үзэгч ард түмэн, бөхөд хөрөнгө оруулж байгаа санхүүгийн тусламж үзүүлж байгаа сайхан сэтгэлтэй хүмүүсийн буянд хөгжиж байгаа болов уу гэж боддог. Миний хувьд сэргэн мандалт группын захирал Төмөрчулуун, зорчигч тээврийн нэгтгэлийн ерөнхий газар  байна,  захирал нь манай багшийн эхнэр Ц.Одонтунгалаг шүү дээ. ШШГЕГазрын Сүлд биеийн тамир спорт хороо, Сэлэнгэ аймгийн Мандал сумын хорих 413-р ангид харьяалагдаж барилддаг. Увс нуур гал, багш дасгалжуулагч нар гээд олон хүний сайхан сэтгэлд баярлаж явдаг даа. Одоо үнэхээр хичээл зүтгэлтэй байгаад улсын цол аваад амжилт гаргаж байвал сайхан хүлээж аваад шагнал урамшуулал харамгүй өгдөг  цаг болжээ.

-Ер нь амьдарч болоод байна гэсэн үг байна тийм ээ?

Тийм ээ. Гэхдээ хамгийн гол нь үнэхээр сайн барилдаж чадаж байвал сайхан амьдарч байна. Мэдээж сайн барилдаж байгаа хүнийг л дэмжиж туслана шүү дээ. Хичээж зүтгэхгүй байгаа хүнийг дэмжихгүй л байх л даа. Өнгөрсөн жилүүдэд  наадамд түрүүлсэн хүмүүст land200 машинаас эхлээд л өгч байна. Энэ чинь амьдралын бүрэн баталгаа болоод л явчихаж байна шүү дээ.

-Бөхчүүдийг бусад салбараас илүү дэмждэг гэсэн шүүмжлэл бас явдаг л даа.

Монгол үндэсний бөх гэдэг чинь монголыг тодорхойлох үндэсний спорт. Өөр монголыг  бүрэн тодотгох, харуулах зүйл бараг алга шүү дээ. Бөхчүүд л үе дамжуулж залгамжлуулж цааш нь авч явна шүү дээ.

-Их онцлог шүү, удамшдаг, удам дамжиж уламжлагддаг нь бөхийн онцгой шинж байх аа.


-Яахав тийм л дээ. Гэхдээ заавал бөхийн удамгүй ч сэтгэл зүрхээ зориулаад, бэлтгэлээ сайн хийгээд явж байхад нэг л өдөр амжилтанд хүрнэ  шүү дээ.   Нэг хувийн авьяас 99 хувийн хөдөлмөр гэдэг шүү дээ.

-Аавынхаа барилдааныг сайн мэдэхгүй байх даа?

-Сүүлд л  бичлэгийг нь харж байсан л даа. Аав 1979 онд начин болж байсан би арван хэдэн жилийн дараа төрсөн хүн гэхээр чинь яаж мэдэхэв дээ.

-Их спортоор бэлтгэл хийж байна уу?

-Хүмүүс  ер нь хэлдэг юм. Ганц үндэсний бөхөөр биш хажуугаар нь их спортоор хичээллэвэл илүү амжилтанд хүрнэ гэдэг. Би 2012 оноос 2 жил орчим жүдогийн бэлтгэл Г.Жамсран багш дээр хийсэн дээ.

-Аав чинь бол чөлөөтийн хүн шүү дээ.

-Тийм ээ, аав чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер хүн. Бага жинд их сайн барилдаж байсан хүндээ. Шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч ч бас хийж байсан.

-Аавынх нь  нэрэмжит барилдаан болох нь. Барилдах уу?

-Энэ 11-р сарын 15-нд аавын минь нэрэмжит барилдаан болно. Өөрөө бол барилдах л санаатай байна. Хүмүүс аавынхаа барилдаанд барилдаж яах юм, индэр дээр байж бай л гээд байгаа. Бодож байгаад шийднэ дээ.

-Хүүхдүүд бол зохион байгуулах ажилтай байгаа байх даа?

-Увс нуур гал хамтран зохион байгуулж байна. Энийг бас аятайхан сайхан болгочих гээд л ажил төрлийг нь хөөцөлдөөд байж байна даа.
-За барилдаанд нь амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
Sunday the 26th. Joomla templates 2.5. Custom text here